“Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” хэлэлцүүлэг



“Номин Холдинг“ ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад өөрсдийн дуу хоолойг нэгтгэж Монголын Эмэгтэйчүүдийн сантай хамтарч ажилладаг билээ. Монголын Эмэгтэйчүүдийн сан нь эмэгтэйчүүдийн төлөө ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага бүлгүүдэд туслахын тулд нөөц баялгийг хуримтлуулж санхүүгийн дэмжлэг үзүүлдэг олон нийтийн сан юм. Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хандивийн санг “Номин”-ийн сүлжээ дэлгүүрүүдээр байршуулаад нилээдгүй хугацаа өнгөрөөд байна. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн жигшүүртэй хэрэг ар араасаа гарч олон хүнийг сэрдэсхийлгэн түгшээсээр. Саяхан 4 настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт хэрцгийгээр амиа алдсан байж болзошгүй онц ноцтой хэрэг гарсан нь олныг цочирдуулаад байна. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн сан, Хууль зүйн яамтай хамтран “Охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” 88 өдрийн аяныг тохиолдуулан 2015 оны 3-р сард Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Бага насны хүүхдийг хүчирхийлэхтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт, гэмт хэргийн өнөөгийн нөхцөл, ял шийтгэлийн байдал, үйлчилгээ зэрэгт дүн шинжилгээ хийж, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдын санал, туршлага солилцлоо. Доорх хэлэлцүүлэгт “Номин Холдинг” ХХК нь ивээн тэтгэгчийн зүгээс мөн хамтран өөрийн саналыг дэвшүүлэн хамтран оролцлоо.