Органик хүнсний тухай хуулийн эргэн тойронд



Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор тус хуулийн дагалдах журмыг хамтран ажиллаж буй байгууллагууд хэлэлцэж эхэлсэн билээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв, баасан гаригт “Номин холдинг” ХХК-ийн төв байранд талууд хуулийн дагалдах журам, аргачлалын төслийг хэлэлцсэн юм. Өөрөөр хэлбэл, хуулийг хэрэгжүүлэхэд оролцох шат шатны байгууллагын дагаж, мөрдөх, биелүүлэх, хянах тогтолцоог журмаар зохицуулж илүү тодорхой болгох талаар санал бодлоо илэрхийлж байв. Хуулийн дагалдах журмын төслийн хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, хүнсний манлай үйлдвэр, борлуулагч болон хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг олон талууд оролцсон юм. Тэд хамтын оролцооны баталгаажуулалтын байгууллага болон бүтээгдэхүүний орц найрлагыг хэрхэн тогтоох, шинжлэх талаар санал бодлоо хуваалцаж байв. Үүнтэй холбоотойгоор Органик хүнсний тухай хуулийн дагалдах журмын талаар хуулийн, лабораторийн, импортын мэргэжилтнүүдээс тодруулсан юм.

Д.Алтанчимэг: Органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэхээс өмнө лаборатори, хяналт, шалгалтаар оруулах нь чухал

“Номин холдинг” ХХК-ийн “Эко стандарт” лабораторийн эрхлэгч, химийн ухааны доктор Д.Алтанчимэгээс Органик хүнсний тухай хуулийн дагалдах журамд лабораторийн хяналт шалгалтыг хэрхэн тусгаж буй талаар тодрууллаа.

-Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор лабораторийн асуудал хөндөгдөж байна. Энэ талаар тодруулахгүй юү?

-Хууль гарсан ч хуулийн журам хамгийн чухал. Эхний удаад хамтын оролцооны байгууллагын талаар ярилцсан. Органик хүнсийг гаднаас нь хараад итгэлцлийн үндсэндээр борлуулах эрх өгөх нь учир дутагдалтай. Тиймээс түүнийг хянах хөндлөнгийн байгууллага хатуу чанга байх ёстой. Энэ нь лабораторийн шинжилгээгээр тодорхойлогдоно. Органик хүнс энгийн хүнснээс хэд дахин үнэтэй. Түүнийг лаборатриор хянаж, шалгах шаардлагатай. Учир нь бид хэрэглэгчдийн эрүүл, аюулгүй хүнс худалдан авах эрх ашгийг хамгаалж, хуурч болохгүй. Зах зээлд хамгийн их хариуцлага хүлээдэг салбар нь борлуулалт. Хэрэглэгчийн гар дээр борлуулагчид хүргэдэг учраас асуудал гарвал бидэнд л эргээд ханддаг. Тиймээс органик хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэхээс өмнө лаборатори, хяналт, шалгалтаар оруулах талаар саналаа хэлж ярилцаж байна.

-Танай байгууллага борлуулагч талыг төлөөлөн ямар санал дэвшүүлж байна вэ?

-Манай байгууллагын зүгээс борлуулагчдыг төлөөлөн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, жинхэнэ органик хүнсээр хангах ёстой. Үүний тулд баталгаажуулах, лабораторийн шинжилгээнд оруулах зэрэг хяналтыг журманд тодорхой зааж өгөхийг хүсч байгаа.

-Хамтын оролцооны баталгаажуулалтын байгууллага хүлээн зөвшөөрвөл тухайн хүнсний бүтээгдэхүүнийг органик гэж хүлээн зөвшөөрөх юм байна. Үүнийг яагаад шууд хүлээн үөвшөөрч болохгүй гэж?

-Органик хүнсний бүтээгдэхүүнийг хоёр байдлаар органик гэдгийг нь баталж болно. Нэгдүгээрт, хамтын оролцооны баталгаажуулалтын байгууллага буюу үйлдвэрлэгчээс борлуулагч хүртэлх бүх шатны бизнес эрхлэгчид хамтарч харилцан итгэлцлийн үндсэн дээр бүтээгдэхүүний органик болохыг баталж болно. Хоёрдугаарт, хөндлөнгийн оролцооны баталгаажуулалтын байгууллага оруулж ирэх. Бидний зүгээс итгэлцлийн үндсэндээр бүтээгдэхүүнийг органик гэж батлах нь учир дутагдалтай хэмээн үзэж байгаа. Тиймээс лабораторийн шинжилгээ, хөндлөнгийн хяналтын байгууллага оруулж ирэх нь илүү үнэмшилтэй хэмээн харж энэ саналыг оруулж байгаа.

М.Амарсанаа: Хамтын оролцооны байгууллагын журамд бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлэх эрхийг оруулсан

“Номин холдинг” ХХК-ийн хуулийн зөвлөх М.Амарсанаагаас Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах журмын талаар тодруулсан юм.

-Танай байгууллага хувийн хэвшил болон борлуулалтын бизнес эрхэлдэг компани, аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах журамд саналаа илэрхийлж байна. Журмын хэлэлцүүлэгт ямар заалт оруулж өгсөн бэ?

-Өчигдөр (өнгөрсөн пүрэв гариг) Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах журмын эхний хэсгийг ярилцсан. Тодруулбал, хамтын оролцооны байгууллага органик хүнсний бүтээгдэхүүнийг “Энэ органик хүнсний бүтээгдэхүүн мөн” гэсэн баталгаа өгөх юм. Тэр байгууллага нь ямар ч хуулийн этгээдийн хэлбэрээр байгуулагдаж болно. Учир нь орон нутгийн болон улсын хэмжээнд байгуулагдах бүрэн боломжтой. Орон нутгийн түвшинд байгуулагдсан байгууллага нь нарийн мэргэжлийн, техникийн мэдлэгтэй байх ёстой. Тэд өөрсдийн үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнд “Органик” гэсэн баталгаажуулалт өгөхийн өмнө холбогдох лабораторид бүтээгдэхүүнээ явуулж шинжилгээ хийлгүүлж болно. Шинжилгээний дүгнэлтийг үндэслээд шийдвэр гаргах боломжийг журманд тусгаж өгсөн. Хэрвээ орон нутгийн хамтын оролцооны байгууллага нь үйлдвэрлэгчдийнхээ юу хийж буйг мэддэг, бүрэн итгэлтэй бол “Хүнсний органик бүтээгдэхүүн мөн” гэсэн тэмдэглэгээг өгч болно. Борлуулалтад гарсны дараа хэрэглэгчээс санал, гомдол ирвэл хуульд заасны дагуу хамтын оролцооны байгууллагад мэдэгдэж, хариуцлага хүлээнэ. Эсвэл лабораторид шинжлүүлэхийг журмаар зохицуулсан.

-Өнөөдөр (өнгөрсөн баасан гариг) яг ямар асуудлыг хуулийн дагалдах журманд тусгахаар ярилцаж байна вэ?

-Органик хүнсний бүтээгдэхүүн ямар орц найрлагатай, найрлагыг нь ямар стандартаар, хэрхэн тогтоох талаар ярилцаж байна. Үүний тулд орон нутгийн болоод ямар ч үйлдвэрлэгчид органик бүтээгдэхүүний баталгаажуулалт авахын тулд өөрсдийн үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг тодорхойлж өгөх асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдвэрлэгч хүнсний бүтээгдэхүүний орц, найрлагыг тодорхойлж баталгаажуулалтын байгууллагад өгнө гэсэн үг.

-Борлуулагчийн байр сууринаас хуулийн дагалдах журамд ямар заалт тусгавал илүү үр дүнтэй хэрэгжинэ гэж харж байна вэ?

-Борлуулагчид хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг учраас аль болох бодитойгоор хэрхэн тусгах талаар хэлэлцэж байна. Органик бүтээгдэхүүний түүхий эд нь, үйлдвэрлэх үйл явц нь органик эсэхийг нарийн тооцож гаргахын тулд олон талын байгууллага хамтраад хэлэлцүүлэг өрнүүлж байна. Ингэснээр органик бүтээгдэхүүний зах зээл жинхэнэ утгаараа хөгжиж, хэрэглэгчид олон бараа бүтээгдэхүүний дунд төөрөгдөлд орохгүй байгалийн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх суурийг нь тавьж өгнө гэж харж байна.

-Хамтын оролцооны байгууллагаар баталгаажуулж “Органик” гэсэн тэмдэглэгээг олгох асуудлын талаар түлхүү хэлэлцэж байна. Энэ нь хэр баталгаатай юм бэ. Үүнийг хуулийн дагалдах журамд хэрхэн тусгасан бэ?

-Хамтын оролцооны байгууллага хариуцлага хүлээх тул заавал шинжлүүлэх шаардлагатай бүтээгдэхүүнийг лабораториор шинжлүүлж, дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана. Хамтын оролцооны байгууллага үйлдвэрлэгч, борлуулагч, хэрэглэгч, ТББ-ын төлөөллөөс бүрднэ. Тэд шийдвэр гаргахдаа хамт гаргана, хариуцлагаа ч хамт хүлээнэ. Тиймээс үүргээ сайн биелүүлэхгүй бол тухайн байгууллагаар баталгаажсан бүтээгдэхүүний нэр хүнд унаж, бүтээгдэхүүн зарагдахгүй. Улмаар хамтын оролцооны байгууллагын нэр хүнд унана. Ийм байгууллагаар үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ баталгаа хийлгэхгүй. Үүнтэй холбоотойгоор, хамтын оролцооны байгууллагын журамд бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлэх эрхийг оруулсан. Энэ нь дараагийн түвшин буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлөөр орж сайдын тушаалаар батлагдана.

-Органик хүнсний тухай хуулийн дагалдан гарах журам хэчнээн хэлэлцүүлгийн дараа бэлэн болох вэ?

-Органик бүтээгдэхүүн өргөн хүрээтэй. Тиймээс олон удаагийн хэлэлцүүлгээр журамд заах асуудлыг ярилцана. Нийт 20 орчим хэлэлцүүлэг явагдсаны дараа бүх дүрэм, журам болон холбогдох стандартуудыг гаргаж дараагийн шат руу шилжүүлнэ.

Т.Мөнхзаяа: Хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн хяналтын тогтолцоотой байхад гол анхаарлаа хандуулж байгаа

“Номин холдинг” ХХК-ийн Борлуулалт маркетинг, олон нийттэй харилцах газрын ахлах менежер Т.Мөнхзаяа

-Танай компани ХХААХҮЯ-тай хамтран Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа. Өнөөдөр ямар шатандаа явна вэ?

-Манай байгууллага Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах журмын төслийн танхимын хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж байна. Үүнд “Гацуурт”,  “Мах импекс”, “Монос хүнс” зэрэг хүнсний томоохон компаниудын хүнсний салбарын мэргэжилтэн, хуульчид нэгдэн оролцож байна. “Номин холдинг” ХХК санаачилга гарган оролцсоны учир нь Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэхэд бизнесийн байгууллагад тулгамдаж буй асуудлын талаар саналаа дэвшүүлж байгаа юм. Манай байгууллага 25 жил хэрэглэгчдэд эрүүл, баталгаатай хүнс хүргэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Дэлхий нийтээр эрүүл, байгалийн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулж буй энэ үед манай улс хууль гаргасныг сайшааж, хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

-Борлуулагчид үйлдвэрлэгчээс ирсэн бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Тиймээс хуулийн дагалдах журамд юуг илүү тусгахыг зорьж байна вэ?

-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд бид үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн өмнө хариуцлага хүлээнэ. Тиймээс хамтарч ажилладаг үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд, анхаарлаа хандуулах нь манай байгууллагын нийгмийн хариуцлага. Органик хүнсний салбар хөрөнгө мөнгө, шалгуур, хариуцлага, хөдөлмөр цаг хугацаа их шаарддаг. Хуулийг дагалдан гарах журам нь бэлтгэн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид, борлуулагчдын хамтран ажиллах нөхцөлийг таатай хэлбэрээр зохицуулж өгөх шаардлагатай. Ингэснээр бизнесийн салбарынхан эрсдэл хүлээж оролцох, органик бүтээгдэхүүний зах зээл жинхэнэ утгаараа хөгжих боломж нь бүрднэ. Нөгөө талаас хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн хяналтын тогтолцоотой байхад манай байгууллага гол анхаарлаа хандуулж байгаа. Органик хүнсний давуу тал нь эрүүл мэндэд тустай, эх байгальд ээлтэй зарчимд тулгуурладаг. Үүнд тулгуурлан сонголтоо хийж байгаа хэрэглэгчдийн өмнөөс хяналтын тогтолцоог нь хэрэгжүүлэх нь бидний үүрэг.

Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэхэд танай байгууллага багагүй хувь нэмэр оруулж хувийн хэвшлийг уриалан ажиллаж байна. Үүнийгээ илүү идвэхижүүлэхийн тулд үндэсний үйлдвэрлэгчдэдээ хандан санал бодлоо хуваалцахгүй юу?

 Монгол улсын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний 60-70 хувийг Импортын хүнсний борлуулалт эзэлж байна. Үлдсэн 30-40% нь  л дотоодын үйлдвэрлэгчийн орлого болдог. Ургац алдсан жилүүдэд энэ тоо бүр багасдаг. Гэхдээ  хүнсний бүтээгдэхүүний дотоодын нэр төрөл өсч, хөгжиж байгааг  хэрэглэгчид Номин сүлжээ дэлгүүрт худалдаалж байгаа Гацуурт, Сүү, Мах Импекс, Талх чихэрийн бүтээгдэхүүнээс харж болно. Учир нь гадаад руу чиглэх валютын урсгалыг багасгах, ДНБ-ий өсөлтийг дэмжихийн тулд үндэсний том компаниуд нэгдэж ажиллаж байгаа нэг жишээ бол энэ юм. Үүнд хэрэглэгчдийн оролцоо маш чухлаас гадна ухамсартай сонголт бас нөлөөлнө. Нөгөө талаар хэрэглэгчдэд давуу талтай бүтээгдэхүүний сонголтыг бий болгож өгөх нь чухал юм. Үүнийг Номингийн хамт олон бид органик монгол бүтээгдэхүүн гэж харж байгаа. Хэрэглэгчдийн хүнсний сонголтыг бид хянаж чадахгүй ч, импортыг орлох давуу талтай дотоодын хүнсний бүтээгдэхүүний зах зээлийг дэмжиж чадна. 


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-12-15
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2436.29 2428.00 2435.00 2430.00 2438.00
EUR 2879.94 2860.00 2875.00 2844.00 2894.00
CNY 368.56 367.00 367.85 367.20 369.30
RUB 41.49 41.40 41.65 40.64 43.52